Гарын авлага

TOPIK / EPS-TOPIK шалгалт

Шалгалтын бүтэц, бүртгэл, оноо, бэлтгэл — бүгдийг нэг дороос

Албан ёсны сайт:EPS-TOPIKTOPIK (topik.go.kr)topik.mn

Сүүлд шинэчилсэн: 2026.11.09

Аль шалгалт надад хэрэгтэй вэ?

D-2 · D-4 · F-2-7 · F-5

TOPIK

  • TOPIK I: 1~2 түвшин · TOPIK II: 3~6 түвшин
  • Төлбөр: Монголд 60,000₮~ · Солонгост ₩40,000~
  • Хүчинтэй хугацаа: 2 жил
ВизШалгалтШаардлагаЗорилго
E-9 (Ажлын)EPS-TOPIKТэнцэх оноо авахАжлын виз авах
D-2 (Их сургууль)TOPIK3+ (элсэх), 4+ (цагийн ажил)Суралцах, ажиллах
D-4 (Хэл сургалт)TOPIK2+ (6 сарын дараа)Цагийн ажил хийх
F-2-7 (Оршин суух)TOPIK5+ түвшин (нэмэлт оноо)Оршин суух виз
F-5 (Байнгын)TOPIK / KIIPTOPIK 5+ эсвэл KIIPБайнгын оршин суух

Чухал ялгаа

EPS-TOPIK ба TOPIK бол огт өөр шалгалт! EPS-TOPIK нь зөвхөн E-9 ажилчдад зориулсан. TOPIK нь оюутан, оршин суугч нарт зориулсан ерөнхий хэлний шалгалт.

Монголд TOPIK, EPS-TOPIK өгөх

Монголд TOPIK-ийг БНСУ-ын ЭСЯ болон МУИС-ийн хамтарсан «Монголын TOPIK хороо» Улаанбаатарт зохион байгуулдаг. Бүртгэл зөвхөн topik.mn сайтаар онлайнаар явагдана. Цаасаар (PBT) болон компьютерээр (IBT) өгөх хоёр төрөл бий — оноо нь адил хүчинтэй.

2026 оны Монгол дахь TOPIK-ийн хуваарь

ШалгалтШалгалтын өдөрБүртгэлДүн гарах
105 дахь · PBT2026.04.1201.12~01.1605.29
106 дахь · PBT2026.05.1702.09~02.1306.25
13 дахь · IBT2026.06.1304.06~04.1007.03
108 дахь · PBT2026.10.1807.20~07.2412.10
109 дэх · PBT2026.11.1508.17~08.2112.22
16 дахь · IBT2026.11.2809.15~09.1812.18

2027 оны хуваарь 2026.11.09-ний байдлаар topik.mn-д зарлагдаагүй. 2026 онд бүртгэл шалгалтаас 2~3 сарын өмнө 4~5 хоног л үргэлжилсэн — topik.mn болон фэйсбүүк хуудсыг тогтмол шалгаарай.

topik.mn-ээр бүртгүүлэх

  1. topik.mn-д нэвтрэх

    PBT TOPIK эсвэл IBT TOPIK-ийг сонгоод мэйл хаягаараа бүртгүүлж нэвтэрнэ. Нэг мэйлээр нэг хүн л бүртгүүлнэ.

  2. TOPIK I эсвэл II сонгох

    Бүртгэл үүссэний дараа шатлал солих боломжгүй — цуцлаад дахин бүртгүүлнэ. TOPIK I өгөөгүй ч TOPIK II-т шууд бүртгүүлж болно. Суудал дүүрвэл сонгох боломжгүй болно.

  3. Бүртгэлийн хуудас бөглөх

    Латин овог нэр, төрсөн он сар өдрөө бичиг баримттайгаа яг ижил бичнэ. Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3×4 см цээж зураг, мөн бичиг баримтын (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх эсвэл e-Mongolia-гаас авсан лавлагаа) зургийг оруулна.

  4. Хураамж төлөх (PBT)

    Гарч ирэх дансны мэдээллээр шилжүүлж, төлбөрийн баримтын хуулгыг сайтад оруулна. Гүйлгээний утга: бүртгэлийн код, утасны дугаар. Бүртгэл үүссэнээс хойш 2 цагийн дотор төлнө.

  5. Баталгаажсан эсэхийг шалгах

    Мэйлээр ирэх мэдэгдлийг шалгана. Зураг, бичиг баримт шаардлага хангаагүй бол зарлалд заасан хугацаанд (PBT — 6, IBT — 12 цагийн дотор) засаж дахин илгээнэ — засахгүй бол бүртгэл цуцлагдана. PBT-д дугаар олгогдсоны дараа хураамж буцаагдахгүй.

  6. Бүртгэлийн хуудсаа шалгах

    Дугаар олгогдсоны дараа topik.mn-ээс бүртгэлийн хуудсаа харж, байр, анги, бүртгэлийн дугаараа шалгана. Хэвлэж авахыг зөвлөе.

  • IBT-д бүртгүүлэхдээ topik.mn → IBT TOPIK хэсгийн тухайн ээлжийн зарлалыг дагана.
  • Монголд бүртгүүлсэн шалгалтаа Солонгос эсвэл өөр улс руу шилжүүлэх боломжгүй.
  • Суудал хязгаартай — бүртгэл эхэлмэгц бүртгүүлээрэй.

Хураамж (Монголд)

TOPIK ITOPIK II
PBT (цаасаар)60,000₮80,000₮
IBT (компьютерээр)70,000₮100,000₮

2026 оны сүүлийн ээлжүүдийн (PBT 109, IBT 16) зарлалд байсан хураамж. Ээлж бүрийн зарлалаас шалгаарай.

Шалгалтын өдөр

  • Байр: PBT — МУИС-ийн 2, 4, 5-р байр · IBT — МУИС-ийн хичээлийн 8-р байр (13 дахь шалгалтад ШУТИС-ийн хичээлийн 1-р байрыг бас ашигласан). Таны байр, анги бүртгэлийн хуудсанд бичигдэнэ.
  • Хаалга барих цаг: PBT — TOPIK I 08:20, TOPIK II 11:30 · IBT (16 дахь) — TOPIK I 08:40, TOPIK II 12:10 (ерөнхий журамд 08:30 / 12:00 гэж бичсэн тул түүнээс өмнө ирээрэй). Хоцорвол оруулахгүй.
  • Бичиг баримтын эх хувийг заавал авчирна: иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн аль нэг (хуулбар болохгүй; эх хувиар үзүүлэх боломжгүй бол e-Mongolia-гаас авсан QR кодтой лавлагаа). 16 нас хүрээгүй бол паспорт эсвэл төрсний гэрчилгээ. Бүртгэлийн хуудсаа хэвлэж авчрахыг зөвлөе.
  • Гар утас, ухаалаг цаг, бүх төрлийн бугуйн цаг, электрон хэрэгсэл авч орохыг хориглоно.
  • Дүнгээ topik.go.kr → 성적확인 хэсгээс шалгаж, гэрчилгээгээ өөрөө хэвлэнэ.

EPS-TOPIK Монголд

  • Бүртгэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хүлээн авна — өөрөө биечлэн очно (Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 2-р хороо · утас 11343131)
  • Шалгалтыг компьютерээр (CBT) өгнө. Хураамж 28$
  • 2026 онд: ердийн (үйлдвэрлэл) — бүртгэл 03.25~03.27, шалгалт 05.27~06.26 · тусгай (дахин ажиллах ажилчид) — бүртгэл 04.20~04.22, шалгалт 05.26
  • 2027 оны Монголын ээлж 2026.11.09-ний байдлаар epstopik.hrdkorea.or.kr-д зарлагдаагүй — Ерөнхий газрын зарлалыг тогтмол шалгаарай

Монголоос EPS-TOPIK өгөх — дэлгэрэнгүй →

Залилангаас болгоомжил

EPS-ээр Солонгост ажилд зуучлах эрх зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт бий — «шалгалтад тэнцүүлнэ», «ажилд оруулна» гээд мөнгө нэхвэл залилан

EPS-TOPIK гэж юу вэ?

EPS-TOPIK (고용허가제 한국어능력시험) нь Солонгост E-9 визээр ажиллахыг хүсэгч гадаадын иргэдэд зориулсан шалгалт. HRD Korea (한국산업인력공단) зохион байгуулдаг.

Шалгалтын бүтэц

ХэсэгАсуултын тооХугацааОноо
Сонсох (듣기)20 асуулт25 минут50 оноо
Унших (읽기)20 асуулт25 минут50 оноо
Нийт40 асуулт50 минут100 оноо
  • Бүх асуулт 4 хариулттай сонгох (객관식)
  • Монголд компьютерээр (CBT) өгнө
  • Доод оноо: үйлдвэрлэл 60, бусад салбар 45 — түүнээс дээш авсан хүмүүсээс оноогоор нь эрэмбэлж сонгоно (상대평가). Загас агнуурын тусгай ангилал (어업특례) — 30 оноо, тэнцсэн/тэнцээгүй
  • Нас: 18~39 (шалгалт өгөх үед)
  • Ердийн ээлжид тэнцсэний дараа ур чадварын шалгалт: биеийн чадвар, солонгос хэлний ярилцлага, үндсэн ур чадвар

Нас, нөхцөл

  • Нас: 18~39
  • Ял шийтгэлгүй (금고 이상의 범죄경력 없음)
  • Албадан гаргасан түүхгүй
  • Монголоос гарахад хориг, хязгаарлалтгүй
  • E-9, E-10 визээр Солонгост нийт 5 жил ба түүнээс дээш амьдарч байгаагүй

Анхааруулга

  • EPS-TOPIK бол харьцангуй үнэлгээ (상대평가) — тэнцэх оноо, тэнцэгчдийн тоо жил бүр өөрчлөгдөж болно
  • Нэр, төрсөн он сар өдөр паспорттай яг таарах ёстой — таарахгүй бол тэнцсэн ч нэвтрэхийг зөвшөөрөхгүй
  • Тэнцсэн нь шууд ажилд орно гэсэн үг биш — ажил олгогч сонгох хүртэл хүлээнэ (хэдэн сар ~ 1+ жил)
  • Шалгалтын бүтэц, оноо жил бүр өөрчлөгдөж болно — заавал eps.hrdkorea.or.kr шалгах

TOPIK шалгалт гэж юу вэ?

TOPIK (한국어능력시험) нь дэлхий даяарх Солонгос хэл суралцагчдын хэлний чадварыг үнэлэх шалгалт. NIIED (국립국제교육원) зохион байгуулдаг.

Түвшин ба тэнцэх оноо

ШалгалтТүвшинНийт онооТэнцэх оноо
TOPIK I1-р түвшин200 оноо80 ~ 139
TOPIK I2-р түвшин200 оноо140+
TOPIK II3-р түвшин300 оноо120 ~ 149
TOPIK II4-р түвшин300 оноо150 ~ 189
TOPIK II5-р түвшин300 оноо190 ~ 229
TOPIK II6-р түвшин300 оноо230+

TOPIK I бүтэц (1~2 түвшин)

ХэсэгАсуултын тооОнооХэлбэр
Сонсох (듣기)30100 онооСонгох (객관식)
Унших (읽기)40100 онооСонгох (객관식)

TOPIK II бүтэц (3~6 түвшин)

ХэсэгАсуултын тооОнооХэлбэр
Сонсох (듣기)50100 онооСонгох (객관식)
Бичих (쓰기)4100 онооБичвэр (서답형)
Унших (읽기)50100 онооСонгох (객관식)

Шалгалтын төлбөр (Солонгос дотор)

ТөрөлТөлбөр (Солонгос дотор)
TOPIK I (PBT)₩40,000
TOPIK II (PBT)₩55,000
TOPIK I (IBT)₩70,000
TOPIK II (IBT)₩95,000
TOPIK Ярих (말하기)₩80,000
  • Гэрчилгээний хүчинтэй хугацаа: 2 жил (онооны мэдэгдэл гарснаас хойш)

TOPIK vs EPS-TOPIK харьцуулалт

TOPIKEPS-TOPIK
ЗорилгоХэл чадвар баталгаажуулахE-9 ажилчин сонгох
Түвшин1~6 түвшинТэнцсэн / Тэнцээгүй
Хэн өгөхБүгд (оюутан, оршин суугч)Зөвхөн E-9 горилогч
Бичих хэсэгTOPIK II-д байнаБайхгүй (сонсох + унших)
Хүчинтэй хугацаа2 жил2 жил
Зохион байгуулагчNIIED (국립국제교육원)HRD Korea (한국산업인력공단)

Шалгалтанд бүртгүүлэх

EPS-TOPIK бүртгэл

  1. Хуваарь шалгах

    epstopik.hrdkorea.or.kr болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зарлалаас бүртгэл, шалгалтын хугацааг шалгана

  2. Биечлэн бүртгүүлэх

    Монголд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт өөрөө очиж бүртгүүлнэ. Өргөдөл, 3.5×4.5 см хэмжээтэй 2 ширхэг зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хураамж 28$ (HRD Korea-ийн ерөнхий журам — ээлж бүрийн зарлалаас шалгаарай).

  3. Шалгалт өгөх

    Компьютерээр (CBT) — шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын өрөөндөө орсон байна. Шалгуулагчийн хуудас (응시표), паспорт (эсвэл иргэний үнэмлэх)-аа авчирна. Гар утас, утасгүй чихэвч зэрэг электрон хэрэгсэл авч орохыг хориглоно.

  4. Үр дүн шалгах

    HRD Korea вэбсайт дээр оноо зарлагдана.

TOPIK бүртгэл

  1. Шалгалтын төрөл сонгох

    TOPIK I (1-2 түвшин) эсвэл TOPIK II (3-6 түвшин). PBT эсвэл IBT.

  2. TOPIK вэбсайтаар бүртгүүлэх

    Солонгос дотор: topik.go.kr. Монголд: topik.mn (Монголын TOPIK хороо). Бусад улсад: тухайн улсын шалгалтын газраар.

  3. Төлбөр төлөх

    Солонгос дотор онлайнаар: TOPIK I ₩40,000 / TOPIK II ₩55,000 (PBT). Монголд дансаар: TOPIK I 60,000₮ / TOPIK II 80,000₮ (PBT).

  4. Шалгалт өгөх

    Заасан өдөр, цагт. Солонгост: гадаадын иргэний үнэмлэх эсвэл паспорт. Монголд: иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн аль нэгийн эх хувь.

  5. Үр дүн шалгах

    topik.go.kr — шалгалт өгснөөс ~1 сарын дараа. Гэрчилгээ PDF-ээр авах боломжтой.

Монголд бүртгүүлэх

Монголд TOPIK-т topik.mn-ээр (Монголын TOPIK хороо), EPS-TOPIK-т Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраар бүртгүүлнэ. Хуваарь, хураамж, байрыг дээрх «Монголд өгөх» хэсгээс үзнэ үү.

Тэнцсэний дараа

EPS-TOPIK тэнцсэний дараа

  1. Ажил горилогчдын жагсаалтад бүртгүүлэх

    Тэнцэгчдийг HRD Korea-ын бүртгэлд оруулна.

  2. Ажил олгогчтой холбогдох

    Солонгосын ажил олгогч таныг сонгож хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хүлээлт хэдэн сар ~ 1+ жил.

  3. Урьдчилсан сургалт (사전교육)

    Монголд 1~2.5 долоо хоног сургалтад хамрагдана. Солонгос хэл, соёл, хууль эрх зүй.

  4. E-9 виз авах

    Илгээх байгууллагаар дамжуулан E-9 виз мэдүүлнэ.

  5. Солонгост нэвтрэх

    Нэвтэрсний дараа ажил эрхлэх сургалтад хамрагдана.

TOPIK оноо хэрхэн ашиглах

  • Цагийн ажлын зөвшөөрөлD-2/D-4 оюутан TOPIK оноогоор цагийн ажлын зөвшөөрөл авна
  • Виз сунгах / солихTOPIK оноо F-2, F-5 зэрэг визний нөхцөл хангахад шаардлагатай
  • Их сургуульд элсэхГадаадын оюутнуудаас ихэвчлэн TOPIK 3~4+ шаарддаг
  • Ажилд орохОлон компани TOPIK 4~5+ шаарддаг

Анхааруулга

  • EPS-TOPIK тэнцсэн нь шууд ажилд орно гэсэн үг биш — ажил олгогч сонгох хүртэл хүлээнэ
  • TOPIK гэрчилгээний хүчинтэй хугацаа 2 жил — хугацаа дуусахаас өмнө дахин өгөх
  • Визний шаардлага өөрчлөгдөж болно — хамгийн сүүлийн мэдээллийг 1345-аас лавлана уу

Бэлтгэл ба сурах материал

Бэлтгэлийн зөвлөгөө

  • EPS-TOPIK: Стандарт сурах бичиг давтах — шалгалт үүнээс гарна
  • TOPIK I: Сонсох дасгал олон хий — YouTube-ээс "TOPIK I 듣기" хайх
  • TOPIK II: Бичих хэсгийг тусгай бэлдэх — 200, 600 үгийн зохион бичлэг
  • Өдөр бүр 30+ минут Солонгос үг цээжлэх — Anki, Quizlet ашиглах
  • Бодит шалгалтын асуултаар дасгалжих нь хамгийн үр дүнтэй

Түгээмэл асуулт

Хамтдаа бүтээе!

Буруу мэдээлэл олсон эсвэл асуух зүйл байвал бидэнд мэдэгдээрэй — бид олж мэдээд хариулна.

Энэ мэдээлэл тусалсан уу?

Нэг аяга кофегоор сайтын тогтвортой үйл ажиллагааг дэмжээрэй.

Дэмжих

Найзууддаа хуваалцаарай